Мэдээ мэдээлэл

НҮҮРСНИЙ РЕФОРМ: Иргэдэд нээлттэй, нийтийн эзэмшлийн бирж байгуулцгаая!

#Санал_Шийдэл #Уриалга 

Ард иргэдийн олон жил бугшсан тэвчээр барагдаж, жагсагчдын уухай, гомдол цөхрөлийн дуун сонсогдох бүрд сэтгэл хямарч, зүрх өвдөхгүй байхын аргагүй аж. Нөгөөтээгүүр өвлийн хүйтэнд ЖИНХЭНЭЭСЭЭ жагсаж буй иргэд, залуусаар бахархах сэтгэл төрнө. Талбайгаар алхахдаа, оффисын цонхоор харж зогсохдоо иргэн хүний хувьд, ер нь IT салбарын төлөөллийн хувьд Монголд нүүрлэсэн энэ муухай хулгай дээрэм, ужгирсан асуудлын гогцоо ШИЙДЭЛ нь юу байх вэ, яаж хувь нэмрээ оруулах вэ гэж хэдэн өдөр бодлоо.

Гэмтнийг илрүүлж, хариуцлага тооцох нь зөв өө. Олон хүн шоронд орох ёстой. Залуус зөв шаардлага тавьж байна. Улс төрөө, нийгмээ, хандлагаа ч бүх шатанд өөрчлөх ёстой. Гэхдээ ХҮНИЙГ ХҮНЭЭР СОЛИОД хулгай, авлига зогсохгүй. Иймд системийн түвшинд харж, СИСТЕМИЙН ӨӨРЧЛӨЛТ хийх ёстой юм. Нэн түрүүнд нүүрсний (цаашилбал бусад түүхий эд, металл) бүх арилжаа нь нээлттэй (төрийн нууцад хамаарч, эсвэл хаалттайгаар, дарга нарын үзгийн үзүүрээр бус), ТЕХНОЛОГИД СУУРИЛСАН БИРЖ-ээр арилжаалагдах нь зүй ёсны шийдэл болж таарч байна. Энэ бүх хаалттай гэрээ, хуурмаг гүйлгээ ард иргэдэд шилэн болох нь чухал. Монголын эдийн засагт эргэж буй 3 төгрөг тутмын 1 нь нүүрсний мөнгө байдаг тул ийм л хяналт бидэнд хэрэгтэй.

Сарын өмнө Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар 2023 оны 1-р сарын 1-нээс бүх нүүрс биржээр, хилийн үнээр зарагдана гэж мэдэгдсэн. Гэхдээ олон жил яригдсан биржийн тухай хууль энэ ондоо багтаж гарах төлөвгүй байна. Дагалдах элдэв журам, бүтцийн өөрчлөлт, тендер гээд бөөн жонхуу болоод 2023 оны 1-р улиралд багтаж хэрэгжихгүй, тэгээд бантан болоод дуусах хандлага, танил дүр зураг харагдаж байна.

Яг энэ үед Гэрэгэ системс компанийн хамт олон бидэнд бэлэн платформ, бэлэн ШИЙДЭЛ байгааг илтгэхийн ялдамд тус компанийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирлын хувьд түүхий эдийн, нүүрсний биржийг Эрдэнэс Таван толгой болон бусад төрийн өмчид компаниудад үнэгүй суурилуулж өгч, АВЛИГЫГ ХАЛАХ ҮЙЛСИЙГ дэмжиж ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлж байна. Энэ бирж нь одоогийн Монголын хөрөнгийн биржийн бүтцийн нэг хэсэг нь болж ажиллах ч боломжтой.

Олон улсын зах зээлд олон сая доллароор үнэлэгддэг тус системийг бид бараг жилийн өмнөөс Сингапур, Швед, Монгол программистуудтай хамтран бүтээж гаднын зах зээлд нийлүүлэхээр ажиллаж байгаа билээ. Нэгэнт эдийн засаг уналттай, төрийн төсөв тааруу байгаа энэ үед төрдөө үнэгүй суурилуулаад өгье. Бидний зүгээс энэ системийг хөгжүүлэхэд багагүй хүч, хөрөнгө зарцуулсан ч энэхүү системийг олон нийтэд нээлттэй компани болгож, ард иргэдтэй хамтран эзэмших саналтай байна. Нэг ёсондоо тус систем нь цаашид олон улсын жишгийн дагуу нүүрсний арилжааны шимтгэлээр үйл ажиллагаагаа санхүүжүүлж, олсон ашиг орлогоо нийтэд ил тод байлгана.

Олон зуун ард иргэд, ААН-ээс тус бүр 100,000 төгрөгөөс нэг сая хүртэлх төгрөгийг crowdfund хэлбэрээр босгоод тус компанийг олон мянгуулаа хамтдаа эзэмшиж, хамтдаа ажиллуулъя. Төр 34%-аас дээшгүй хувийг нь өөрсдөө эзэмшиг. Үйл ажиллагаа, төсөв, ашиг, алдагдал нь бүгдэд нээлттэй байг. Цаашилбал IPO хийж Монголын иргэн бүр хувьцааг нь авах, зарах боломжтой олон нийтийн компани болгоё.

Хэрэв ингэж чадвал маш эрүүл тогтолцоо бүрдэх юм. Өөрөөр хэлбэл төрийн эзэмшлийн Эрдэнэс Таван толгой компанийн үйл ажиллагааг иргэдийн эзэмшдэг энэхүү биржээр дамжуулан хянаж, нүүрсний зах зээлийн эрэлтээс хамаарсан бирж дээрх арилжаа, түүнээс хамаарах биржийн компанийн хувьцааны өсөлтөөр ард иргэд нь ногдол ашиг, үр өгөөжөө зах зээлийн зарчмаар авдаг байг. Энэ нь төрөөс үе үе бэлэн мөнгө тарааж сонгуульдаа бэлддэг гаж, ужгирсан тогтолцоог халах том боломж ч мөн. Энэхүү биржийн төлөөлөл (ард түмний компанийн) Эрдэнэс Таван толгойн удирдах зөвлөлд ороход ч буруудах юмгүй.

Энэхүү санаачилгад бусад үндэсний технологийн компаниудыг ч оролцуулж, хамтдаа ажиллуулах бололцоо нээлттэй. Яагаад болохгүй гэж? Асуудлын шийдлийг олох нь манай салбарынхны гол хийдэг ажил, энэ удаа хамтраад энэ ядарсан, задарсан улс орноо авлигаас ангижруулах үйлст хувь нэмрээ оруулцгаая л даа. Энэхүү төсөл маань олон нийтийн SOCIAL ENTREPRENEURSHIP болж хөгжих нь илүү үр дүнтэй хэмээн сэтгэж энэхүү санааг хуваалцлаа. Ард нийт дэмжвэл энэхүү санаачилгыг УИХ, ЗГ, холбогдох ажлын хэсэгт танилцуулах саналтай байна. Бидний дотор нь амьдарч байгаа энэ муухай нийгмийг бултаараа оролцож, шийдэлцэж, хамтдаа өөрчилье! 

Хүндэтгэсэн, 

Даваабатын Сайнбаяр
Гүйцэтгэх захирал – Гэрэгэ Системс ХХК
2022.12.08 



Бидний тухай: Гэрэгэ системс ХХК нь 2018 онд байгуулагдсан үндэсний технологийн компани юм. Гэрэгэ киоскууд нь төр, хувийн хэвшлийн 50 орчим байгууллагын 600 нэр төрлийн үйлчилгээг сар бүр 150 000 иргэдэд хүргэдэг. Ковидын хүнд цаг үест 3 сая гаран иргэний 7 сая PCR тестийн өгөгдлийг боловсруулсан ЭрүүлМН систем ажиллуулж, цар тахалтай тэмцэх үйлст өөрийн хувь нэмрээ оруулсандаа бид бүхэн их бахархдаг.

Одоогоор Gerege Kiosk (160 байршилд 200 киосктой), Gerege Smart POS (цахим төлбөр, IoT хэрэгжүүлэгч), Gerege MedTech (ЭрүүлМН), Gerege Property Technologies (Үл хөдлөх хөрөнгийн платформ, REIT, Yondo app), Gerege EdTech (SIMS), Vulcan Analytics (fintech, data analytics) зэрэг 10 орчим охин компанитай, 140 орчим ажилтантай үйл ажиллагаа явуулж байна. Бид хамтдаа салбар бүрд технологи шингээж, эрх тэгш хүртээмжтэй нийгмийг цогцлоохын төлөө хичээн ажилладаг билээ. 
Эх сурвалж: https://ikon.mn/n/2qp9

By gerege_admin    |    Dec 09,2022

Бусад мэдээлэл

Азийн сантай хамтран B2B платформыг хөгжүүлж байна

E-Gate цахим гарцыг амжилттай нэвтрүүллээ

"БОЛОВСРОЛЫН ШИНЭ СЭРГЭЛТ" АРГА ХЭМЖЭЭ