Мэдээ мэдээлэл

Ц.Эрдэнэбат: Хөрөнгө оруулагчийн зорилго нь хөрөнгөө өсгөх болохоос хяналтын багцыг авах биш

Өнгөрсөн хугацаанд хөрөнгө оруулалтуудыг амжилттай татаж, “Гэрэгэ КИОСК”, “Бизнес ПОС”, “ЭрүүлМН” зэрэг бүтээгдэхүүнийг зах зээлд нэвтрүүлсэн “Гэрэгэ Системс” компани өдгөө алсын хараагаа дэлхийн зах зээлд гарахад чиглүүлж байна. 

– Business.MN сэтгүүлийн 2022 оны 10 сарын дугаар (№47) -т нийтлэгдсэн ярилцлага –

“Би өөрөө технологийн, тэр дундаа судалгаа, хөгжүүлэлт, энтрепренер талын хүн. Түүнээс захирал бол биш. Тиймээс ч компанийнхаа гүйцэтгэх удирдлагыг мэргэжлийн CEO хүнд шилжүүлсэн” хэмээн “Гэрэгэ Системс” компанийн үүсгэн байгуулагч, ТУЗ -ийн дарга Ц.Эрдэнэбат ярьж байна. Сүүлийн жилүүдэд тэрбээр бизнесийнхээ цар хүрээг өргөжүүлэхийн зэрэгцээ гадаадын хөрөнгө оруулалт амжилттай татаж, “Гэрэгэ Системс” -ийг групп компанийн бүтцэд шилжүүлэн, хэд хэдэн охин компанийг үүсгэн байгуулаад байна. Өдгөө 150 гаруй залуус “Гэрэгэ Системс” -ийн үндэсний технологийн брэнд бий болгох зорилгын дор нэгджээ. Тэд “Гэрэгэ Киоск”, “Бизнес ПОС”, “ЭрүүлМН” зэрэг голлох бүтээгдэхүүнээрээ зах зээлд танигдаад буй. Шулуун, шударга яриатай, компанийнхаа “уураг тархи” гэж хэлж болохуйц Ц.Эрдэнэбаттай санаж сэдэж, зорьж буй ажлынх нь талаар өнгөрсөн, одоо, ирээдүй цагийг сүлжин ярилцлаа. 

Төрийн албанд ажиллаж байсан Ц.Эрдэнэбатад хувийн бизнесээ эхлүүлэх санаа анх хэрхэн төрсөн бэ?  

Би мэдээлэл технологийн мэргэжилтэй хүн. Их сургуулийн ширээнээс багш болж, дараа нь УИХ -ын Тамгын газарт сүлжээний инженер, админаар 12 жил ажилласан. Залгуулаад Америкт магистрын зэрэг хамгаалж ирээд төрийн албандаа эргэн ажиллах уу, эсвэл хувиараа бизнес эрхлэх үү гэсэн сонголттой тулгарсан. Тэгээд хоёр дахь замыг сонгож, 2011 онд “Гүүмэл” компаниа байгуулж, ТҮЦ машин (Төрийн үйлчилгээний цахим машин) -ы загварыг анхлан боловсруулж, тухайн үеийн шадар сайд Н.Алтанхуягт танилцуулж байв. Дараа нь тэр хүн ерөнхий сайд болж энэ ажлыг хэрэгжүүлсэн боловч өөрийн туслахын хамаарал бүхий компаниар гүйцэтгүүлж, бүтээгчид нь хоосон хоцорсон түүхтэй. Энэ бол цэвэр оюуны өмчийн хулгай. Өөр улсад бол шоронд ордоггүй юм гэхэд асар өндөр төлбөр торгууль болох ийм л гэмт хэрэг. Тэр тусмаа ерөнхий сайд хүн үүнийг хийсэн гэхээр гунигтай, харамсалтай л санагддаг. Гэхдээ үр дүнд нь, ТҮЦ машин бий болж, нийгэмд том  дэвшил авчирсан нь гарцаагүй үнэн. Гэвч тэр машиныг хэн ч цааш хөгжүүлж, санаа тавилгүй орхисноос одоо алдаг оног ажиллагаатай хэдхэн машин л энд тэнд үлдэж дээ. Аргагүй шүү дээ бүтээгчид нь бүтээлээ хөгжүүлнэ үү гэхээс хулгайчид бол чадахгүй шүү дээ. 

Харин бидний хувьд энэ том цохилт болж, ТҮЦ машины анхны загварыг хийх, программ хангамжийг боловсруулах ажилд найз нөхөд, ах дүүсээсээ чамгүй хэмжээний мөнгө зээлсэн байсан нь өр болж, түүнээсээ гарч чадахгүй байсаар манай компани дампуурсан түүхтэй. 

Технологи бүтээнэ гэдэг хардвэйр, софтвэйрыг хамтад нь хөгжүүлэх ажил. Ганцхан программ бичиж, эсвэл төхөөрөмж бүтээх бол технологи биш.

Үүний дараа 2013 онд “Метатек” компаниа байгуулж, интерактив чиглэлээр ажиллан, Оюутолгой компанийн дижитал музей болон Ховд аймагт тухайн үеийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн интерактив танхимын хөгжүүлэлтийг тус тус хийж гүйцэтгэсэн. Мөн төрийн байгууллагуудтай холбоотой мэдээлэл технологийн ажлуудыг ч хийж байв. Гэхдээ төслөөс төслийн хооронд ингэж ажиллахаар компанид дорвитой хийсэн, бүтээсэн гэхээр зүйл үлддэггүй юм билээ. Тиймээс өөрийн гэсэн бүтээгдэхүүнтэй болж, технологийн брэнд бий болгох зорилгоор “Гэрэгэ Системс” компанийг 2017 онд үүсгэн байгуулсан. Гэрэгэ бол үндэсний гар утасны брэнд хөгжүүлэх зорилгоор бэлгэдэж өгсөн нэр. Учир нь гар утас бол технологийн оргил болсон бүтээгдэхүүн. Гар утасны технологийг хөгжүүлж, бүтээж чадвал өөр ямар ч бүтээгдэхүүн хөгжүүлэхэд саадгүй болж, дагаад олон дэвшилтэт технологи Монголд нутагшиж чадах юм. Гэвч явцын дунд энэ зорилго маань технологийн ололтод тулгуурласан өөр бүтээгдэхүүн, технологи хөгжүүлэхэд чиглэсэн. Тухайлбал, ТҮЦ машин хийсэн туршлагадаа тулгуурлан өмнөх хувилбараа илүү сайжруулж, “будаа болгох” бүтээл хийх хувийн амбиц байсан учраас “Гэрэгэ КИОСК” -ийг хөгжүүлж, зах зээлд нэвтрүүлсэн. Үр дүнд нь, төрийн үйлчилгээ дагасан банкны олон үйлчилгээ, банканд дараалал үүсгэдэг дүр зургийг арилгаж чадсан. Гэхдээ бидэнд үйлчилгээ үзүүлэхээс илүү төлбөр тооцооны асуудлыг шийдэх шаардлага үүссэн учраас тэр чиглэлээрээ төвлөрөн ажиллах болсон. Гэвч төлбөр тооцооны асуудал бүрэн шийдэгдээгүй л байна. 

Америкт мэдээллийн системийн менежментийн чиглэлээр сурсан гэж ойлгож байгаа. Дэлхийн технологийн салбарт тэргүүлэгч гүрэнд суралцсан нь танд хэрхэн нөлөөлөв. Тэндээс олж харж, анзаарсан зүйлсээ бизнестээ хэрхэн шингээсэн бэ? 

Анх очиход хэл усны бэрхшээл байсан. Арай гайгүй болоод бусдын эхэлдгээс л эхэлсэн. Зөөгч хийхээр нэг мексик ресторанд очтол туршлагагүй гээд ажилд аваагүй. Үүнд, жаахан гутарсан. Өчнөөн жил мэдээлэл технологийн салбарт ажилласан туршлагатай ч, зөөгчөөр ажилласан туршлага огт байгаагүй (Инээв). Албан ёсоор ажиллах зөвшөөрөлгүй учраас томоохон компанид ажиллах боломжгүй байсан. Тиймээс фрилансер (freelancer) байдлаар ажиллаж эхэлсэн. Өрөөндөө сууж байгаад л фриланс ажлын заруудтай сайтуудаар хэсэж, жижиг ажил олж хийгээд сарын төлбөрөө олчихдог байлаа. Энэ зуураа хэд хэдэн компанид ажилласан. Монголд ирэхийнхээ өмнө нэгэн франц залуугийн Сан-Франциско хотод үүсгэн байгуулсан өндөр технологийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Total Immersion гэж өндөр технологийн компанид жил орчим ажилласан. Тухайн үедээ нэлээд өргөжиж байсан тус компани AR (Augmented reality) технологийн эх кодыг бичиж, хөгжүүлж, энэ чиглэлээрээ дэлхийд тэргүүлж эхэлж байсан юм. Монголд хэрэгжүүлж, нэвтрүүлэх эрхийг нь авч ирээд хэдэн жилийн турш ажил хэрэг болгохоор явсан ч цаг нь болоогүй байсан шиг байгаа юм. Амжилттай болоогүй. Харин өнөөдөр метаверс гэж том ухагдахуун болоод ид моодонд орж байна. Энэ бол компьютерын 3D орчин, амьдралын гурван хэмжээст орчныг хооронд нь ойлголцуулах технологи. Магадгүй би энэ чиглэлээр бэлтгэгдсэн Монголын цорын ганц мэргэжилтэн байх (Инээв). 

“Гэрэгэ Системс” групп компани болж өргөжөөд буй. Ер нь үүсгэн байгуулагдсан цагаасаа хэрхэн хөгжиж, тэлж ирсэн бэ. Энэ явцад ямар бэрхшээлүүд тулгарч байв? 

Бидний анхны бүтээгдэхүүн “Гэрэгэ КИОСК” автомат машин. Зөвхөн энэ бүтээгдэхүүнээ хөгжүүлж, сайжруулаад явах гэтэл төлбөр тооцооны асуудал шийдэгдэхгүй байсан. Төлбөрийн шийдэл нь хялбар байсан бол бид цааш КИОСК -оо хийгээд л явах байлаа. Гэтэл картаар гүйлгээ хийхийн тулд ПОС машин байрлуулж, банктай холбох шаардлага үүссэн. Ингээд үзтэл ПОС машин ганцхан данс руу төлбөрийг татдаг болж таарсан. Нөгөө талд КИОСК машин дээр маань маш олон үйлчилгээ нэвтэрчихээд байдаг. Ганц байгууллагын ганц үйлчилгээ байсан бол бүх зүйл асуудалгүй. Гэвч хэдэн зуун данс холбох шаардлагатай болсон. Жишээлбэл, цагдаагийн торгуулийн ганц үйлчилгээний төлбөр гэхэд л цааш хэдэн зуун данс руу салдаг. Үүнийг шийднэ гээд ямар хэдэн зуун машин хийлтэй биш. Эндээс төлбөр тооцооны шийдлээ платформын хэмжээнд хөгжүүлэх ёстой гэсэн шийдвэрт хүрсэн. Тэр нь өнөөдрийн “Гэрэгэ платформ” -ын үндэс болсон. Энэ платформыг хөгжүүлсний хүчинд хэчнээн л бол хэчнээн үйлчилгээ нэмэхэд асуудалгүй ажиллаж, нийт төлбөрийг нэг дор төвлөрүүлж, шуурхай байдлаар тараан хуваарилдаг, бүрэн автомат, хүний оролцоогүй систем бий болсон. Тэгэхээр бид КИОСК -ийн хөгжүүлэлтээс гадна суурь банкны систем, ПОС -уудын орлого, зарлагыг хянах терминал менежмент систем зэргийг угсарч байж өнөөдрийн түвшинд ажиллаж байна гэсэн үг.  

Ингээд ирэхээр манай компани нэг бол ПОС руу ч орж ажиллаад, аппликэйшн, вэбсайт ч хөгжүүлэх болчихоод байсан. Бүх талбарт асар их хөгжүүлэлт хийх шаардлагатай болсон. Эдгээрийг нэг талбарт зангидсан нь “Гэрэгэ платформ”. Бэлэн болгосон суурь платформоо цааш хүссэнээрээ өргөжүүлж, шаардлагатай модулиудыг нэмж хөгжүүлэх боломжийг бид бүрдүүлсэн.

“Гэрэгэ платформ” -ыг хөгжүүлэхэд тулгарсан гол бэрхшээл юу байв. Хэчнээн хүний хөдөлмөрөөр хэр удаан хөгжүүлж байж бэлэн болгосон бэ? 

Манай компани 150 ажилтантай. “Гэрэгэ платформ” -ын хувьд 50 гаруй хөгжүүлэгчдийн гурван жилийн ажил. Өнөөдөр ч банкуудаас хамаарсан төлбөр тооцооны асуудлыг бүрэн гүйцэд шийдэж чадахгүй байна. Үүнээс болоод л Хятадын WeChat шиг энд тэндгүй уншуулаад явдаг төлбөрийн систем манай улсад бий болж чадахгүй байна шүү дээ. Гол шалтгаан нь банкны картын процесс гэж асуудалд бий. Угтаа бол үүнийг банк биш, технологийн компани хийх ажил. Төхөөрөмж, карт, картын процессор, серверүүд гэдэг цэвэр технологийн ажил. Технологийн компанийн хөгжүүлсэн бүтээгдэхүүн олон банканд үйлчилдэг ийм л процесс. Түүнээс банк бүр дэргэдээ процессор байгуулах шаардлагагүй юм. Дэлхий даяар ийм л байдаг. Энэ бүхнийг зөв гольдрилд оруулахаар мэргэжилтнүүдийг цуглуулж, картын процессор хийхээр төслөө эхлүүлээд ид ажиллаж байна. Олигтой хэрэглэгдэж чаддаггүй олон дижитал хэтэвч зах зээлд байна. Тэдгээрийг хүмүүс энд тэндгүй  ашиглаж, төлбөр тооцоогоо хийгээд явахгүй л байна. Механизм нь буруу учраас тэр. Хүчээр буруу явуулчихсан. Дансныхаа дугаарыг цээжээр мэддэг хүн дэлхийгээс олоод ир гэвэл хаанаас ч олохгүй. Зөвхөн Монголд л олно. Манайд бол ямар ч хүн Хаан банкны нэг данс хэлнэ. Хүмүүсийг ингэтэл нь зовоосон гэсэн үг. Гэтэл дансны дугаар гэдэг маш эмзэг, хувийн мэдээлэл. Үүнийг дэлхийн улс орнуудад картаа сануулаад л, гүйлгээгээ уншуулаад автоматаар данснаасаа татуулж төлбөрөө төлөх байдлаар шийдсэн байдаг.  

“Гэрэгэ Системс” компанийн үйл ажиллагаа байгуулагдсан цагаасаа төртэй ямар нэг байдлаар холбогдож явсан байдаг. Таны төрийн албанд ажилласан туршлага үүнд нөлөөлсөн байх. Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг арай өөр түвшинд харуулж байгаа компани гэж ойлговол буруудахгүй болов уу? 

Үүнийг амжилт гэж хэлбэл тийм. Гэхдээ хүмүүс болж бүтсэн ганц хоёр ажлыг л харж байгаа. Үүний ард болоогүй хэдэн арван ажил бий. Төртэй ажиллана гэдэг өөрөө их зовлонтой. Хүсээд байх юм биш. Нэгт, надад төрд 12 жил ажилласан туршлага байна. Тэр дундаа, эрх барих дээд байгууллага УИХ -ын Тамгын газарт. Төрийн мэдээллийн нэгдсэн сүлжээ гэдгийг анх нэвтрүүлэхэд гардан ажилласан туршлага надад бий. Тэгэхээр хаана юу байдаг, яаж ажилладаг, хэрхэн хоорондоо уялддаг гээд ерөнхийд нь мэднэ гэсэн үг. 20 жил программ хөгжүүлсний дээр сүлжээний админ байсан учраас “төмөр”-тэй 10-аад жил ноцолдсон. Бизнес хийх гэж байгаа хүн давуу тал дээрээ л тулгуурлана. Тиймээс энэ бүх туршлага, чадвараа нийлүүлж, төсөл хэрэгжүүлье гэж шийдээд төрөөс эхэлсэн. Санаа ярьж, аппликэйшн, вэбсайт хөгжүүлж үзүүлэхээс илүү бодитой ажилтай зууралдаж байгаа санаа нь тэр. 

Харин одоо хангалттай гэж үзэж байгаа. Жишээлбэл, “Хур” системийн хамгийн том хэрэглэгч “Гэрэгэ Системс”. Энэ системийн 70 гаруй хувийг дангаар бүрдүүлж байна. Татварын удирдлагын нэгдсэн системийн хамгийн том нийлүүлэгч нь мөн л “Гэрэгэ Системс”. 60 гаруй хувийг эзэлдэг. Шүүхийн төлбөр, автомашины татвар зэрэг жижиг татвар бүгд манайхаар дамжин төлөгддөг. Уг нь үүнээс цааш олон ажил байгаа ч хийх гээд явахаар алхам тутамдаа “алгадуулсаар” сүүлдээ бүр залхсан. Иймээс хувийн төслүүддээ төвлөрөн ажиллахаар болж, картын процессор, биржийн систем зэрэг хэд хэдэн систем хөгжүүлж байна. 

Танай хамт олон хардвэйр болон софтвэйрыг хамтатган цогц байдлаар хөгжүүлдгээрээ онцлогтой гэж хардаг. Ингэж ажиллах явцад ямар сорилтууд тулгардаг вэ?  

Давуу тал дээрээ тулгуурлаж л аливаа бизнесийг хийнэ. Бусдаас илүү чаддаг зүйлээрээ л ашиг олно. Бизнес ингэж л явна. 20 жил программ бичиж, 10 жил “төмөр”-тэй ноцолдсон туршлагаа хослуулж шинэ технологи бүтээж болох юм байна гэж бодсон. Технологи бүтээнэ гэдэг хардвэйр, софтвэйрыг хамтад нь хөгжүүлэх ажил. Ганцхан программ бичиж, эсвэл төхөөрөмж бүтээх бол технологи биш. Энэ хоёр нийлж байж л нэг бүтээл болдог. Тухайлбал, нүдэнд харагдах бодитой, цогц бүтээгдэхүүн бол “Гэрэгэ КИОСК”. Хятадад, үйлдвэр дээр нь очиж, дизайнертай нь хамт сууж, зургаа зурж байж машинаа хийлгэдэг. Энэ мэтээр төрөл бүрийн загвартай КИОСК хийснээс хамгийн сүүлийнх нь гар утас шиг хавтгай, авсаархан болсон. Ингэж урд хөршид төхөөрөмжөө хийлгүүлж аваад, бид дараа нь программ хангамж, серверээ хөгжүүлж суулгах зэрэг хяналтын олон ажлыг хийдэг.  

Одоогоор улс даяар 200 гаруй “Гэрэгэ КИОСК” ажиллаж байна. Эдгээрийг нэгбүрчлэн тойрч, хяналт хийж ажиллах боломжгүй учраас бид КИОСК -уудаа бүрэн удирддаг томоохон системийг хөгжүүлсэн. Программд өөрчлөлт оруулахад бүх КИОСК автоматаар хүлээн авдаг. Хүний оролцоо шаардсан ганц асуудал байгаа нь баримт хэвлэх цаас. Байсхийгээд л дуусчих гээд байдаг болохоор түүнийг нэг хүн харж, сольж байх шаардлагатай болдог. 

“Гэрэгэ Системс” -ийн анхны бөгөөд үндсэн бүтээгдэхүүн бол “Гэрэгэ КИОСК”. Үүний араас зах зээлд нэвтрүүлэхээр төлөвлөж буй ямар бүтээгдэхүүн, үйлчилгээ байгаа вэ?

Үндсэн бүтээгдэхүүн бол мэдээж “Гэрэгэ КИОСК”. Харин дараа нь бид “Бизнес ПОС” бүтээгдэхүүнээ хоёр жилийн турш хөгжүүлж, зах зээлд нэвтрүүлсэн. Улсын бүртгэлийн ерөнхий газрын үйл ажиллагаанд зориулан ПОС машин хөгжүүлсэн нь нийслэлийн хэмжээнд бүх хороодод очсон байна. КИОСК дээр хийгддэг улсын бүртгэлийн бүх үйлчилгээг нэвтрүүлсэн гэдэг утгаараа ПОС машиныг жижиг КИОСК гэж ойлгож болно. ПОС ашиглан карт уншуулж, төлбөрөө тэр даруй авах боломжтой. Мөн бид Ковид-19 -ийн үеэр шинжилгээ авч, төлбөрийг хурдан шуурхай авах боломжтой ПОС -ыг ч хөгжүүлж байв. Тэр их сонин юм болсон. Бидэнд ПОС төхөөрөмж нийлүүлдэг Хятадын Sunmi компанийн сайт дээр манай ажлыг онцолсон байсан. Банкны ПОС -ыг цар тахалтай тэмцэхэд ашиглана гэж тэд огт төсөөлөөгүй шиг байгаа юм. Яагаад бид ПОС ашигласан гэхээр шинжилгээний сорьц хадгалах хуруу шилэнд бар код наах хэрэгтэй болсноос тэр. Уг нь улсаас чамгүй хэмжээний төсөв баталж, үл давтагдах бар кодтой хуруу шил импортлохоор төлөвлөсөн юм билээ. Гэвч эцэстээ Эрээнээс ямар ч бар кодгүй, хямд хуруу шилнүүдийг оруулж ирсэн. Бар кодгүй хурууны шилийг автоматжуулж болдоггүй. Тиймээс бид ПОС машинаар бүртгэлийг нь хийж, бар код гаргаж, түүнийгээ бүх хуруу шилэн дээр механикаар наах боломжийг бүрдүүлж өгсөн. Хурууны шилнүүдийг бар кодтой болгосны хүчинд лабораторид бар кодыг нь шууд уншаад л бүртгэчихэж байгаа юм. Лаборатори, шинжилгээний хариуг бүртгэх дамжлага, нэг газраас нөгөөд шилжүүлэх бүх дамжлагыг бар кодын системд шилжүүлснээр процесс илүү хурдтай болсон. Ингэж автоматжуулахаас өмнө хуруу шилэн дээрээ тухайн хүний нэр, бас бус мэдээллийг бичиж бүртгэх нь эрүүл мэндийн салбарынхны хувьд бөөн ажил болж байсан. Хэдхэн шинжилгээ хийхийн тулд эмч нар шөнөжин сорьцоо нийлүүлж, тайлан гаргах гэж хонож өнжин ажиллаж байлаа шүү дээ. Бид бар кодын систем нэвтрүүлснээр хоногт 5000 -хан сорьц авдаг байсан нь 60 мянга болж нэмэгдсэн. Үүний үр дүнд, “Нэг хаалга-Нэг шинжилгээ” аяны хүрээнд долоо хоногийн дотор бараг хагас сая ширхэг сорьцыг авч лабораторид шинжлүүлж, хариуг нь тэр даруй мессеж болон “Гэрэгэ” апп-аар хүргэсэн түүхтэй.

Одоо та бүхэн юунд төвлөрөн ажиллаж байна вэ?

Манай компани жилийн өмнө шинэ гүйцэтгэх захиралтай болсон. Д.Сайнбаяр найз маань мэргэжлийн, чадварлаг CEO. “Гэрэгэ Системс” -ийн анхны хөрөнгө оруулагчдын нэг. Би өөрөө технологийн, тэр дундаа, судалгаа, хөгжүүлэлт (R&D), энтрепренер талын хүн. Түүнээс захирал бол биш. Судалгаа, шинжилгээ хийж, шинэ зүйл туршиж үзэх сонирхолтой. Түүндээ ч их аз жаргалтай байдаг. Ер нь технологийн компани инновацгүйгээр явахгүй. Өнөөдөр хэрэг болохгүй байсан ч нэгэнт бий болчихсон инноваци гэдэг хэсэг хугацааны дараа маш их хэрэг болдог.

Харин Д.Сайнбаяр ирээд “Гэрэгэ Системс” -ийг группийн бүтцэд оруулсан. Тэгэхгүй бол нэг компани дээр баахан төсөл бужигнаад байсан. Тиймээс тус тусад нь бизнес болгон салгасан хэрэг. Тэр нь ч зөв шийдвэр байсан. Бизнесүүд ойлгомжтой болсноор хөрөнгө оруулалтуудыг хурдан татсан. Өмнө нь хөрөнгө оруулагчидтай уулзаж, хэрэгжүүлж буй бүх төслийнхөө талаар ярьж тайлбарлахад тэд нэгдсэн ойлголттой болж чаддаггүй байсан. Тухайлбал, ПОС -ын бизнесээ “Гэрэгэ смарт ПОС” компаниа байгуулан тусад нь гаргасны дараахан дэлхийд энэ чиглэлээр томоохонд тооцогдох Verifone компани манай үйл ажиллагаатай танилцаад шууд хөрөнгө оруулсан. Ингэж бид 600 мянган ам.долларын хөрөнгө оруулалт авсан. Сүүлд манай компани Хил хамгаалах ерөнхий газар болон Чөлөөт бүсийн программыг хөгжүүллээ. Монгол Улсын хилээр нэвтэрч байгаа зорчигчдыг бүртгэж, хурууны хээ, царайг таних систем юм.   

Өнгөрсөн хугацаанд танай компани хэд хэдэн удаа хөрөнгө оруулалт татсан туршлагатай. Эдгээр хөрөнгө оруулалтын үр дүнд бизнесээ хэрхэн хөгжүүлж ирсэн бэ?

“Гэрэгэ Системс” -ийн анхны томоохон хөрөнгө оруулагч бол Д.Ганхолбоо гэж найз минь бий. Найзаасаа 500 сая төгрөгийн хөрөнгө оруулалт авч, найз нөхөд, ойр дотнын хүмүүсээсээ мөн 500 сая төгрөг босгож, компанийнхаа үйл ажиллагааг эхлүүлж байсан. Бүтээгдэхүүн хөгжүүлж, зах зээлд нэвтрүүлнэ гэдэг нэг хэсэгтээ ямар ч орлогогүйгээр түүнийгээ хийж, энэ хооронд хөрөнгө оруулалт босгоно гэсэн үг. Ингээд бид нэг жилийнхээ ойн дээр Японоос нэг сая ам.долларын хөрөнгө оруулалт татсан. Энэ хөрөнгө оруулалт бизнес хөл дээрээ босоход чухал хувь нэмэр болж чадсан. Үүний хүчинд айхтар ашиг олохгүй ч, үйл ажиллагааныхаа зардлыг олоод байх болсон.  

Ер нь Монголд технологийн салбарт хөрөнгө оруулдаг хүн маш цөөн. Хөрөнгө оруулъя гэсэн ч “Танай 60 хувь, 51 хувийг авъя” гэх зэргээр сэтгэлгээний хувьд их сонин. Компаниараа тухайн хөрөнгө оруулагчийн ажилтан болох гээд ч байгаа юм шиг. Гэхдээ уучлаарай, тийм байж таарахгүй шүү дээ. Хөрөнгө оруулагчийн үйл ажиллагаа оруулсан хөрөнгөө өсгөхөд л чиглэж байх ёстой. Дотоодод дөнгөж эхэлж байгаа стартапуудын ихэнх нь энэ замаар байхгүй болсон. Хөрөнгө оруулж байгаа хүн ч өөрөө бодох л ёстой. Хэдэн нөхдийг цалинжуулсан болоод л, нөгөөдүүл нь ч өөрийн юм биш учраас эзний сэтгэлээр ажилдаа хандахгүй. Ажлаа бүтээж аваад гарч, бараг л түүнийгээ дахин шинээр хийхийг л бодно. Гэтэл технологийн бизнес хүн дээр л тогтдог. Хүнийг нь гомдоовол тэгээд дуусна. Мэдээлэл технологийн компани гэдэг үйлдвэр, завод биш. Тэгэхээр хүн л чухал. 

Та бүхэн дотоодод зах зээлээ тэлэхээс гадна “Бизнес ПОС” бүтээгдэхүүнээрээ Төв Азийн зах зээлд гарахаар болж байгаа юм билээ. Цаашид гадаад зах зээлээ хэрхэн тэлэхээр төлөвлөж байна вэ? 

Төв Азийнхан зарим талаараа биднээс илүү байна. Жишээлбэл, Казахстан улс байна. Технологийн хөгжлийн хувьд биднээс хоцорчихсон яваа улс орон ч бий. Гэхдээ тэдгээр улс бол дэлхийн зах зээл биш. Ямар ч байсан компанийнхаа зах зээлийг тэлье, гадагшаа гаръя, экспорт хийе гэж зорьж байна. Үүнтэй холбоотой оросуудтай хамтран биржийн систем хөгжүүлж эхэлсэн. Энэ системээрээ дэлхийд байг гэхэд Узбекистан, Тажикистан зэрэг манайхтай адил асуудалтай, эдийн засаг нь уул уурхайн салбараасаа голдуу хамаардаг улс орны зах зээлд гарахаар төлөвлөж байна. Ер нь гадагшаа экспортлох боломжтой ямар бүтээгдэхүүн, үйлчилгээ байж болох талаар бид илүү анхаарч, судалж байгаа. “Гэрэгэ Системс” -ийнхэн маань олон улсын хэмжээнд ажиллахыг зорьж байна. 

Сүүлийн үед дэлхий дахинд дата гэж их ярих болсон. Мэдээллийг хадгалах, хамгаалах, цаашлаад боловсруулж, дүн шинжилгээ хийн бизнесийн үйл ажиллагаандаа ашиглах нь чухалд тооцогдож байна. Танай компанид чухал дата, мэдээлэл их цугларч байгаа гэдэг утгаараа цаашид энэ чиглэлээр хэрхэн ажиллах вэ? 

Технологийн компани дата цуглуулахын төлөө ажилладаг. “Гэрэгэ Системс” ирээдүйд дата компани болно. Энэ утгаараа дата нэлээд цугларч байна. Дижитал шилжилт, үүлэн технологи, их өгөгдөл, аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгал гээд л их ярих болж. Тэгвэл энэ яриад байгаа зүйлс дата төвтэй байснаар л ажиллана. Өөрөөр хэлбэл, тэр их мэдээллийг цуглуулахын тулд дата төв хэрэгтэй. Тиймээс ярихаасаа урьтаж дата төв барих нь чухал. “Саалиа бэлдэхээр саваа бэлд” гэж үг бий. Хоосон яриад байлгүй бодитой юм хиймээр байна. Тиймээс ч сүүлийн үед элдэв фантазиас зугтдаг болоод байгаа. Хөрсөндөө буух хэрэгтэй байна. Дата төв байгуулна гээд олон жил явж байна, би. Энэ чиглэлээр Хятадын “Алибаба” компанитай хамтран дата төв байгуулж, хөрөнгө оруулалт татах асуудал нэлээд нааштай яригдаж байсан. Гэтэл тэр төслийг тухайн үеийн УИХ -ын дарга “унагачихсан”. 

Өнөөдөр дэлхий нийтээрээ датаны дарамтад байна. Дата асар их хэмжээгээр нэмэгдэж байгаа ч, хаана хадгалахаа мэдэхгүй байна. Томоохон компаниуд датагаа хаана хадгалах вэ гэх асуудалтай тулгарах болсон. Манай улсад дата төв барих судалгааны ажлаар Facebook, Google, Apple зэрэг томоохон технологийн компанийн төлөөлөл ирсэн гээд л бод. Монгол бол дата төв байгуулахад байгаль, уур амьсгалын хувьд маш тохиромжтой улс. Аливаа дата төв үйл ажиллагаа явуулахад хоёр том зардал гардаг нь эрчим хүч, хөргүүрийн систем. Гэтэл манай улс нүүрсний далай дээр байна. Эрчим хүчийг маш бага зардлаар үйлдвэрлэж болж байна. Дээр нь жилийн ихэнх өдрүүдэд хүйтэн сэрүүн цаг агаар зонхилдог. Хөргүүрийн зардал эрс бага гэсэн үг. Тиймээс бид дэлхийн томоохон тоглогчидтой хамтран дата төвүүдийг байгуулах ёстой. Тэднийг урьж авчран, тодорхой хугацаанд татвараас чөлөөлөхөд дагаад нөү-хау, хөгжил ирнэ.  

Компанийнхаа алсын харааг та бүхэн хэрхэн тодорхойлж байгаа вэ? 

Юникорн компани болно гэж фантазилахгүй ээ (Инээв). Одоогоор “Гэрэгэ Системс” -ийн үнэлгээ 30 сая орчим ам.долларт хүрээд байна. Харин ирээдүйд 100 сая ам.долларын үнэлгээтэй үндэсний хэмжээний технологийн компани болох зорилготой. Үүнийхээ төлөө ч ажиллаж байна. 

Эх сурвалж: – Business.MN сэтгүүлийн 2022 оны 10 сарын дугаар (№47) -т нийтлэгдсэн ярилцлага –

By Chinbilegt    |    Nov 16,2022

Бусад мэдээлэл

Цахим шийдэл бүхий шилдэг төсөлд 10.000 ам.доллар хүртэлх тэтгэлэг олгохоор боллоо

“Гэрэгэ Киоск”-ийн үйлчилгээний төлбөрийг “MonPay”-ээр төлдөг боллоо

БИЗНЕС ЭРХЛЭГЧ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН САНХҮҮГИЙН ХҮРТЭЭМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ ТУРШИЛТЫН ТӨСЛИЙГ ЭХЛҮҮЛЛЭЭ