Мэдээ мэдээлэл

Н.Ану: Ашиг олохоос илүү нийгэмд тустай зүйл бүтээхийг бид зорьдог

21 аймаг, есөн дүүрэгт нийт 200 гаруй ухаалаг КИОСК ажиллуулж, тэдгээрээр  дамжуулан сард 200 мянган гүйлгээ хийж буй “Гэрэгэ КИОСК” компани өдгөө бүтээгдэхүүн, үйлчилгээгээ төрөлжүүлж, зах зээлээ тэлэхэд анхааран ажиллаж байна. 

– Business.MN сэтгүүлийн 2022 оны 11 сарын дугаар (№48) -т нийтлэгдсэн ярилцлага –

Байгуулагдсан цагаасаа эхлэн хэрэглээг хялбарчилж, цаг хугацаа хэмнэсэн, хүртээмжтэй бүтээгдэхүүн, үйлчилгээг хөгжүүлэхэд анхааран ажиллаж ирсэн компани бол “Гэрэгэ Системс”.  Энэ оны эхээр групп компани болон өргөжсөн “Гэрэгэ Системс” ХХК хэд хэдэн охин компанийг байгуулаад буйн нэг нь “Гэрэгэ Киоск” юм. Тиймээс бид энэ удаа “Гэрэгэ Системс” компанид төслийн менежерээс эхлэн Төслийн удирдлагын газрын захирал хүртэл дэвшин ажиллаж, тус компани бүтцийн хувьд өргөжин тэлэхэд “Гэрэгэ Киоск” компанийн гүйцэтгэх захирлаар томилогдон ажиллах болсон Н.Анутай ярилцлаа. Тус компанийн ижил нэрт бүтээгдэхүүн “Гэрэгэ Киоск” нь тэдний хөгжүүлсэн анхны бөгөөд хамгийн амжилттай бүтээгдэхүүнүүдийн нэг юм. 

“Гэрэгэ Системс” групп компанийн хувьд эмэгтэйчүүдийн оролцоог чухалчилж үздэгийг менежментийн багт нь цөөнгүй эмэгтэй багтан ажилладгаас харж болно. Тэдгээр эмэгтэйн төлөөлөл болох Н.Ану санхүүгийн салбараас эрс шилжилт хийж, технологийн салбарт тууштай ажиллаж байна. Түүний удирдаж буй “Гэрэгэ Киоск” компани өдгөө 50 гаруй ажилтантай бөгөөд тэд Монгол Улс даяар нийт 200 гаруй өөртөө үйлчлэх киоск байршуулж, 60 байгууллагын 600 үйлчилгээг цахимжуулан, хэрэглэгч, харилцагчдынхаа цаг, зардлыг хэмнэж, сар бүр давхардсан тоогоор 200 мянган иргэнд үйлчилгээгээ хүргэж байна.  

Та Олон улсын төслийн удирдлагын институт (PMI) -ээс батламжлан олгодог “Мэргэшсэн төслийн удирдагч” буюу PMP (Project Management Professional) зэрэгтэй. “Гэрэгэ Системс”, тэр дундаа “Гэрэгэ Киоск” компани олон төслийг зэрэг хэрэгжүүлдэг гэдэг утгаараа төслийн менежментийн онол, практикийг хослуулан ажиллах боломжийг бүрдүүлдэг байх? 

Би бакалаврын зэргээ санхүү, тэр дундаа банкны удирдлагын чиглэлээр суралцаж төгсөөд, Хаан банкнаас ажлын гараагаа эхлүүлж, тэндээ гурван жил, МИАТ ХК -д хоёр жил ажилласны эцэст Унгар улсыг зорьж, Будапештын Бизнесийн сургуульд олон улсын эдийн засгийн чиглэлээр сурч, магистрын зэрэг хамгаалсан. Сургуулиа төгсөх жилдээ Citibank -ний Унгар дахь салбарт төслийн менежерээр ажиллаж эхэлсэн. Санхүүгийн шинжээчийн ажлын байранд анх анкетаа өгсөн ч банканд, үйлчилгээний байгууллагад, тэр дундаа, төслийн багуудад ажилласан туршлагыг маань харгалзан үзээд төслийн удирдлагын газарт ажиллах саналыг Citibank -аас надад тавьж байв. Тухайн үед ажилтан сонгон шалгаруулах багт төслийн удирдлагын газрын захирал маань багтсан байсан юм билээ. Тэгээд л санал тавьсан хэрэг. Тэгж л төслийн менежментийн талаарх анхны ойлголттой болсон. Өмнө нь төслийн менежер гэж албан тушаалын талаар мэддэг байсан ч, их л хол санагдаж, төсөл гэхээр томоохон систем нэвтрүүлэлт, эсвэл уул уурхай, барилгын салбартай холбон ойлгодог байлаа. 

“Анх 40 орчим ажилтантай байх үедээ компанийн сарын орлого хоёр сая төгрөг байсан үеэ бодоход бид өндөр өсөлт үзүүлж чадсан”. 

Гэхдээ гадаадад төгсөх курсийн монгол оюутан төслийн менежерээр ажиллаад цааш карьер хийхэд маш их цаг хугацаа зарцуулахаар байсан. Мөн багийн бусад гишүүнээс илүү их мэрийж, илүү өндөр ачаалалтай ажиллах шаардлагатай болдог байв. Дээр нь гэр бүл маань Монголд, би өөрөө ч гадаадад удаан хугацаанд ажиллаж, амьдрах сонирхолгүй байсан учраас эхний ээлжинд төслийн менежментийн ойлголтоо илүү гүнзгийрүүлж авъя гэж шийдсэн. Citibank -д томоохон гэхээсээ илүү процесс сайжруулалт, тайлан автоматжуулах гэх мэт дэд төслүүдэд ажиллах хугацаандаа Монголд байхдаа анзаараагүй олон боломжийг олж харсан. Тиймээс ч төслийн менежментийн чиглэлээр суралцахаар Америкийг зорьж, тэнд сургалтаа дүүргээд PMP буюу Мэргэшсэн төслийн удирдагчийн зэрэг авч байсан. 

“Бид эхнээсээ л ажайл арга барилаар ажилласан. Учир нь Монголын нөхцөлд зах зээлд түрүүлж, хурдан нэвтрэх нь маш чухал”.

Монголдоо очоод технологийн компанид л ажиллана гэсэн бодолтой байлаа. Тухайн үед мэдээлэл технологийн компаниуд олноор байгуулагдаж, стартап гэж ид ярьж эхэлж байсан. Өмнө нь тогтсон соёлтой, хийх ажил, үүрэг нь тодорхой компаниудад ажиллаж байсан учраас стартап компанид нэгдэж, үйл ажиллагааных нь бүх түвшинд оролцож, дараагийн шатанд хүрэхэд хувь нэмрээ оруулахыг хүссэн хэрэг л дээ. Ингээд “Гэрэгэ Системс” компанидаа ажиллаж эхэлснээс хойш нэг л мэдэхэд дөрвөн жил өнгөрсөн байна. 

Технологийн салбарт ажиллах нь ямар онцлог, ялгаатай санагдсан бэ? 

Боловсрол, эрүүл мэнд, тээвэр, санхүү, худалдаа үйлчилгээ гээд бүхий л салбар руу орж ажилладгаараа онцлогтой байдаг. Өнгөрсөн хугацаанд төр болон хувийн хэвшлийн олон байгууллагатай хамтран ажиллаж, маш их зүйл сурч мэдэж авлаа. Хэрэгжүүлж буй төслөөсөө хамаарч, тухайн салбарын талаар өргөн мэдлэгтэй болдог. Бүтээгдэхүүн, үйлчилгээ хөгжүүлэхийн тулд судалгаа хийх шаардлага их тулгарна. Тиймээс аливааг өргөн цар хүрээтэй харахад суралцахын зэрэгцээ тухайн салбарынхаа нарийн ширийнийг мэдэж авч, ойлгох, цаашлаад бүхий л түвшний хүмүүстэй тулж ажилладгаараа онцлог. Энэ утгаараа нэг өдөр ч уйдах завгүй, сонирхолтой өнгөрдөг. Мөн технологийн салбар хурдацтай өөрчлөгддөг тул алхам тутамдаа шинэ зүйлд суралцаж, аливааг хурдтай хийх шаардлагатай байдаг. Сурах, хийх зүйл их гэдэг утгаараа ажилдаа маш дуртай.  

Өөр хоорондоо ялгаатай соёл, ажлын арга барилтай байгууллагад ажиллаж байсан, мөн мэргэшсэн төслийн удирдагчийн хувьд “Гэрэгэ Киоск” компанийн үйл ажиллагаанд төслийн менежментийн ямар арга барилыг нэвтрүүлэн ажилладаг вэ? 

2018 онд мэргэшсэн төслийн удирдагч (PMP) -ийн шалгалт өгөх үед төсөл төлөвлөх, хэрэгжүүлэх шат дараалал, стандартуудыг нарийн тусгасан, асар их процесстой хувилбар байсан бол сүүлийн үед энэ бүхэн нэлээд өөрчлөгдөж, илүү нээлттэй болсон. Тухайлбал, төслийн цар хүрээг нарийн тодорхойлоогүй байх, үйл явц өөрчлөгдөж, алдаа гарч болно. Гол нь уян хатан байж, бичиг баримт бүрдүүлэхээс илүү ажилладаг бүтээгдэхүүн гаргах, харилцаа холбоогоо сайжруулж, хамтын ажиллагаандаа анхаарах хэрэгтэй гэх мэт. Харин манай компани анхнаасаа л ажайл арга барилаар ажилласан. Өөрөөр хэлбэл, бүтээгдэхүүн, үйлчилгээгээ зах зээлд аль болох хурдан нэвтрүүлж, эцсийн хэрэглэгчдэд хүргэж, алдаагаа тэр даруйд засаж залруулж, сайжруулж ажилладаг гэсэн үг. Хэт их төлөвлөж, нэг процесс дээр удвал цаг их алддаг. Ялангуяа, мэдээлэл технологийн салбарын хувьд зах зээлд түрүүлж, хурдан нэвтрэх нь маш чухал. Түүнчлэн байгуулагдаад удаагүй манай компанид төслийн менежментийн арга ажиллагааг ягштал мөрдөж ажиллахад тохиромжгүй, нүсэр байсан учраас бид дээрх зарчмаар ажилладаг. Төслүүдэд эхлэх болон дуусах хугацаа гэж байдаг бол бидний хувьд тухайн ажлаа дуусгасан ч, цааш тогтмол шинэчилж, сайжруулж ажилладаг онцлогтой. 

“Гэрэгэ Киоск” компани зарим банк бус санхүүгийн байгууллагатай хамтран киоскоор дамжуулан зээл авах боломжийг бүрдүүлж, тун удахгүй зах зээлд нэвтрүүлэхээр зэхэж байна.

Одоо ямар төслүүдэд төвлөрөн ажиллаж байгаа вэ? 

“Гэрэгэ Киоск” компани маань төрийн үйлчилгээний төлбөр, тооцооны системийг хялбарчлах зорилгоор анх ажиллаж эхэлсэн. Энэ зорилгодоо ч хүрч, олон нийтэд нэлээд сайн танигдаад байна. Өнөөдөр 21 аймаг, есөн дүүрэгт нийт 200 гаруй киоск ажиллуулж, тэдгээрээр дамжуулан сард 200 мянган гүйлгээ хийгдэж байна. Анх 40 орчим ажилтантай байх үедээ компанийн сарын орлого хоёр сая төгрөг байсан үеэ бодвол бид өндөр өсөлт үзүүлж чадсан. Төрийн үйлчилгээг цахимжуулахаас гадна сүүлийн үед бид хувийн хэвшилд төвлөрөн ажиллаж байна. Гар утасны аппликэйшн ашиглаж, QR код уншуулж төлбөр төлөх соёлд хүн бүр хараахан суралцаагүй байна. Тиймээс уг орон зайх нөхөх хамгийн дөхөм шийдэл бол өөртөө үйлчлэх киоск гэж үзэж байгаа. Үүнтэй холбоотой, бид “Шангри-Ла Улаанбаатар” -ын зогсоолын төлбөр төлөх шийдлийг хөгжүүлж нэвтрүүлснээр авто зогсоолын ачааллыг бууруулж чадсан. Өдгөө UB Tower оффис мөн манай киоскийг ашиглаж байна. Ер нь киоскоор дамжуулан маш олон төрлийн үйлчилгээг цахимжуулах боломжтой. Тухайлбал, ресторан, түргэн хоолны газрын үйлчилгээг хялбар хүргэх зорилгоор бид яг одоо рестораны захиалгын систем бүхий киоск хөгжүүлж байгаа. Ингэснээр түргэн хоолны үйлчилгээний процесс хялбар, хурдтай болж, хүний нөөцөөс эхлээд цаг хугацаа, зардал хэмнэх, цаашлаад хүнээс үүдэлтэй үүсдэг алдааг бууруулах, тааламжгүй харилцаа үүсэхээс сэргийлэх зэрэг ач холбогдолтой. Судалгаанаас харахад хүн өөрөө өөртөө үйлчлэхэд зөөгчөөр дамжуулан хоол захиалснаас 12-20 хувиар илүү захиалга хийдэг гэж бичсэнийг уншсан. Нэг үгээр, цахим систем ашиглах нь байгууллагад ашигтайгаас гадна хэрэглэгчид ч тав тухыг илүү мэдрүүлдэг гэсэн үг. 

Таны карьер, компанийн үйл ажиллагааны цар хүрээ зэрэг зэрэг өрнөж, өсөж ирсэн байдаг. Дөрвөн жилийн өмнө стартап байсан “Гэрэгэ Системс” өдгөө хэд хэдэн охин компанитай групп компани болон өргөжөөд байна. Ер нь аливаа компани амжилттай ажиллаж, өсөн дэвжихэд ямар хүчин зүйл хамгийн чухал нөлөөтэй байдаг гэж та анзаарсан бэ? 

Шинээр байгуулагдсан компани богино хугацаанд ашиг олно гэхээс илүү танигдах нь чухал гэдгийг маш сайн ойлгож авсан. Манай компанид орлого багатай, санхүүгийн хүндрэл тулгарсан өдөр хоног олон бий. Гэхдээ бид дараагийн шатанд очно гэсэн итгэл үнэмшилтэйгээр ажиллаж ирсэн. Байгууллагуудад хамтран ажиллах санал анх тавиад явахад татгалзсан хариу сонсох нь элбэг байлаа. Тийм болохоор анхны 28 киоскоо зах зээлд нэвтрүүлж, хэрэглээ болгох нь тун хүнд даваа байсан. 100 гаруй кг жинтэй төхөөрөмжөө хаана, ямар л арга хэмжээ зохион байгуулагдана тэр бүрт дамжилж, авч очоод л танилцуулдаг байлаа. Ингэж уйгагүй явсны хүчинд 2019 онд Татварын ерөнхий газар, Авто тээврийн үндэсний төв, Замын хөдөлгөөний удирдлагын төв зэрэг байгууллагатай хамтран ажиллах гэрээ амжилттай байгуулж, үр дүнгээ ч үзүүлж эхэлсэн. Ийнхүү нэг талаараа иргэд тухайн байгууллагуудын төлбөрийг төлөхийн тулд банканд урт дараалал үүсгэдэг байсныг цахимжуулж, нөгөө талаар, улсад орлого төвлөрүүлэх ажилд бид чухал хувь нэмэр оруулан ажиллаж байна.

Компани маань нэгэнт танигдаад ирэхээр байгууллагууд өөрсдөө хамтран ажиллахаар ханддаг болсон. Хариуд нь бид түргэн шуурхай ажиллахыг хичээж, системдээ бүтээгдэхүүн, үйлчилгээг хурдтай нэвтрүүлж байна. Ингээд компанийн үйл ажиллагаа жигдэрч, бизнес тодорхой болсноор анхны хөрөнгө оруулалтаа амжилттай татаж, киоскийн тоогоо нэмж, үйлчилгээний төрөл, цар хүрээгээ тэлж чадсан. 

Саад бэрхшээл, санхүүгийн хүндрэл байнга тулгарахад олон хүн замын дундаас буцах нь бий. Харин та өдийг хүртэл компанидаа тогтвортой ажиллаж ирсэн шалтгаан юу байв? 

Манай компани тодорхой хэмжээний амжилтад хүрч, зах зээлд танигдаад явж буй нь үе үеийн ажилтнууд, хамтран зүтгэгчдийн маань хувь нэмэр. “Гэрэгэ Системс” болон түүний охин компаниудад ажиллаж байсан хүмүүс богино хугацаанд их зүйл суралцаж, ур чадвараа сайжруулж чаддаг байсан нь тэдэнд эргээд давуу тал болсон гэж нэг бус удаа хэлэхийг сонсож байлаа. Өдгөө манайд ажиллаж байсан цөөнгүй хүн ахлах болон удирдах түвшинд ажиллаж, өөрийн бизнесээ эхлүүлсэн нэгэн ч байна. Миний хувьд анх ажилд орохдоо л компанидаа тогтвортой ажиллаж, тэгээс эхлээд тодорхой түвшинд хүртэл нь бүх үйл ажиллагаанд гар бие оролцож, эргээд харахад хийсэн бүтээсэн зүйлтэй байх чин хүсэл эрмэлзэлтэй байсан. Харин өнөөдөр зорилго маань эхнээсээ биелээд явж байна. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд олон төсөл дээр ажиллаж, цөөнгүй бүтээгдэхүүн, үйлчилгээ маань амжилттай хэрэгжиж, тэдгээрийг хүмүүс ажил, амьдралдаа ашиглаж, цаг хугацаа хэмнэхийн зэрэгцээ нийгэмд эерэг өөрчлөлт үзүүлж буйг харж урамшдаг. Тийм ч учраас өдийг хүртэл компанидаа тууштай ажиллаж байна.   

Та компаниа inclusive, innovative, challenging гэсэн гурван үгээр тодорхойлсон байсан. Яагаад ингэж тодорхойлсон талаараа дэлгэрүүлбэл?

Inclusive гэдэг нь бид албан тушаал, зэрэг дэв харгалзалгүй шийдвэр гаргахад оролцох эрхийг бүгдэд нээлттэй үлдээдэг. Учир нь бүх талын хэрэгцээ шаардлагыг нэгтгэсний үндсэн дээр бид бүтээгдэхүүнээ хөгжүүлдэг тул хүн нэг бүрийн оролцоог чухалчилдаг. 

Innovative. Бид компаниа инновацлаг гэж тодорхойлдог. Хүмүүсийн хийгээгүйг хийж, бодоогүйг бодож ажил хэрэг болгодог учраас тэр. “Гэрэгэ Системс” -ийн үүсгэн байгуулагч, Ц.Эрдэнэбат захирал паспорт авахаар Улсын бүртгэлийн ерөнхий газарт очихдоо тэнд үүссэн их дараалал, бичиг баримттай холбоотой асуудлаа шийдэхийн тулд хүмүүс бүтэн өдөр алдаж байгааг хараад энэ бүх асуудлыг өөртөө үйлчлэх киоскоор шийдэж болох юм байна гэдгийг олж харж, анхны бүтээгдэхүүнээ санаачилж байв. Мөн бид иргэн, аж ахуйн нэгжийн НӨАТ -ын баримтыг илгээх болон хүлээн авах боломжтой ухаалаг утасны аппликэйшн хөгжүүлж, томоохон худалдааны төвүүдэд нэвтрүүлж байсан. Хэдий уг төсөл амжилттай хэрэгжээгүй ч “Бизнес ПОС” гэж цоо шинэ бүтээгдэхүүн болон зах зээлд нэвтэрсэн зэрэг жишээг дурдаж болно. Мөн Ковид-19 -ийн шинжилгээнээс сорьц авч, лабораториор дамжин хариу гарах хүртэлх процессыг ПОС төхөөрөмжийн тусламжтай автоматжуулж, нэгдсэн системийг хөгжүүлсэн зэрэг нь хүмүүсийн ажлыг хөнгөвчилсөн инновацлаг бүтээгдэхүүн болж чадсан. 

“Ажилтнууд маань хамгийн том үнэт зүйл, капитал”. 

Challenging. Гадаад, дотоод аль ч орчинд ялгаагүй бид сорилттой ажилладаг. Олон харилцагч, хэрэглэгчийнхээ хэрэгцээнд нийцсэн бүтээгдэхүүн нийлүүлэхийг зорьдог учраас байн байн өөрчлөлт хийх шаардлагатай тулгардаг. Энэ их ачаалал, хурдыг тэсэж үлдэнэ гэдэг маш том даваа. Шинэ бүтээгдэхүүн зах зээлд нэвтрүүлж, хэрэглээнд хэвшүүлэх хүртэл их хугацаа, хүчин чармайлт шаарддаг. Гэвч эргээд харахад бидний ур чадвар сайжирч, илүү туршлагатай болж эерэг өсөлтийг бий болгосон байдаг.  

Ковид-19 цар тахлын үеэр та бүхэн ямар сорилтуудтай тулгарч, хэрхэн шийдэж ажилласан бэ. Мөн компанийн үйл ажиллагаа, ажиллах процесст ямар өөрчлөлтүүд гарсан бэ? 

Цар тахал анх дэгдэх үеэр бид Эрүүл.МН платформыг бүтээж, Эрүүл мэндийн яам, Онцгой байдлын ерөнхий газар зэрэг бүхий л холбогдох байгууллагад танилцуулж, туршилтаар ажиллуулж эхэлсэн. Туршилт ч амжилттай болж, шинжилгээ болон тандалтын процессыг илүү хялбаршуулж, цаг хугацаа хэмнэснээс гадна бүх шатны эрүүл мэндийн байгууллага ашиглах боломжтой систем болж чадсан. Бүтээсэн системээ нэвтрүүлэх нь манай хамт олны хувьд амаргүй даваа байсан. 900 гаруй эрүүл мэндийн байгууллагад систем ашиглах сургалт зохион байгуулж, бүтээгдэхүүн, үйлчилгээгээ хэрэглэхэд илүү хялбар болгоход анхааран ажиллаж байлаа. Цар тахал ид дэгдэж байх үеэр ажилтнууд маань ХӨСҮТ -д хонож өнжин, шинжилгээний сорьц дунд ажиллах үе ч байв. Инженерүүд, багийн гишүүдтэйгээ уулзах, эмч, харилцагчидтайгаа ярилцах шаардлага байнга гарч байсан учраас 50 хувь оффисоосоо ажиллаж таарсан. Ид завгүй өдрүүдэд 24/7 ажиллах тохиолдол ч цөөнгүй гарч байв. Тэгж цаг наргүй ажилласны хүчинд бид дээрх төслөө амжилттай хэрэгжүүлсэн. Ер нь ажил гэдэг өдөр тутмын амьдралын нэг хэсэг болсон байна. Өглөө босоод л хамгийн түрүүнд утсаа шалгаж, холбоотой ажиллаж буй төслийн явцаа хянадаг. Өмнө нь Төслийн удирдлагын газрын захирал байсан гэдэг утгаараа нэлээд олон төслийн багт орж ажиллаж байсан тул ямар нэг байдлаар холбоотой байх шаардлага үүсдэг. Амралтын өдөр нэг киоск унтрахад л том асуудал үүсдэг. Тэр болгонд бэлтгэлтэй байх ёстой. Тиймээс ажил, амьдрал гэж ялгахад хэцүү. Хамт олон маань өөрсдийгөө илүү сорьж, шахаж байж л компаниа дараагийн шатанд гаргасан. 

Бизнест баримталдаг үнэт зүйл, гол зарчим тань юу вэ?

Манай хамт олон харьцангуй залуу. Энэ ч утгаараа шинийг санаачилж, аливааг арай өөр нүдээр хардаг. Даалгавар өгөхөд хэрэглэгчийн үүднээс илүү хандаж, ажлаа хийж буй нь анзаарагддаг. Хараад байхад яг л ийм хүмүүсээр бид багаа бүрдүүлсэн байна лээ. Хэлсэн ажлыг яг тэр хэвээр хийх бус, өөрсдийн өнцгийг тусгаж, саналаа хэлж, эргэх холбоотой ажилладаг. Манай удирдлагууд ч анхааралтай сонсож, ажил хэрэгтээ тусгаад явдаг. Бид нийгэмд аль болох хэрэгтэй зүйл л хийхийг хүсдэг, зорьдог. Ашиг олъё гэхээсээ илүү хэрэглэгчдийн амьдралд хэрэг болж, цаг хугацаа хэмнэх бүтээгдэхүүн, үйлчилгээ хөгжүүлэхийг зорьж ажилладаг.

“Шинээр байгуулагдсан компани богино хугацаанд ашиг олно гэхээс илүү танигдах нь чухал”. 

Ажилтнууд маань компанийн хамгийн том үнэт зүйл, капитал. Ялангуяа, технологийн компанийн хувьд энэ бүхэн бүр ч чухал. Ажилтнуудаа халамжилж, ажиллах тав тухтай орчныг бүрдүүлснээр тэд ажилдаа дуртай, чин сэтгэлээсээ хандаж, үр дүн нь эргээд харилцагчдад хүрч, эцсийн хэрэглэгчийн асуудлыг хурдан шуурхай шийдэх зэргээр эргэх холбоо үүсэж байдаг. Нэг л өдөр ажилтнууд маань удирдах түвшинд очиж, өөрсдөө ч ажил олгогч болно. Тиймээс өндөр ёс зүйтэй байж тэдэндээ үлгэрлэж ажиллахыг эрмэлздэг.

“Гэрэгэ Киоск” компани цаашид ямар ажлуудыг хэрэгжүүлэхээр зорьж байна вэ. Мөн компанийн алсын хараатай хэрхэн уялдаж байгаа вэ? 

Өнөөдөр дэлхий дахинд өөрөө өөртөө үйлчлэх (self-service, self-checkout) үйлчилгээний хэлбэр эрчимжих хандлага ажиглагдаж байна. Энэ нь Ковид-19 цар тахал дэгдсэнтэй ч холбоотой. Хэдий ухаалаг утасны апп олон болж, энэ төрлийн үйлчилгээнүүд нэвтэрч байгаа ч тэр бүр ашигладаггүй хүмүүс байсаар байна. Ганц үйлчилгээ авахын тулд тэр тоолонд апп татаж авч ашиглах нь хүндрэлтэй байдаг болов уу. Тиймээс манай хамт олон киоскод суурилсан боломжит бүтээгдэхүүн, үйлчилгээг үргэлжлүүлэн нэвтрүүлэхээр судалж байна. 

Сүүлд гэхэд бид “Чингис хаан” музейн тасалбар худалдан авах процессыг цахимжуулсан. Өөрөөр хэлбэл, музей үзэхийн тулд кассанд дугаарлан зогсох шаардлагагүй бөгөөд тасалбар түгээх киоскоор худалдан авсан тасалбарынхаа QR кодыг уншуулснаар хаалга автоматаар нээгдэж, нэвтрэх ба ямар нэг хүний оролцоогүйгээр үйлчилгээ авах юм. Өндөр хөгжилтэй улс орнуудад ямар байдаг яг л тэр жишигт нийцсэн үйлчилгээг авах боломжийг бүрдүүлсэн. Ер нь манай компани зөвхөн киоск гэлтгүй төрөл бүрийн хардвэйртэй ажиллаж байна. Энэхүү туршлагадаа тулгуурлан бид дараа дараагийн үйлчилгээний газруудад кассыг орлох, хаалга автоматжуулах системээ нэвтрүүлэхээр ажиллаж байна.

 Мөн хүний нөөцийн үйл ажиллагааг автоматжуулж хөнгөвчлөх үүднээс төрөл бүрийн лавлагаа, тодорхойлолт гаргадаг HR kiosk -ийг хөгжүүлсэн нь олон ажилтантай томоохон компаниудад эхнээсээ байршаад эхэлсэн. Үүний зэрэгцээ зарим банк бус санхүүгийн байгууллагатай хамтран киоскоор дамжуулан зээл авах боломжийг бүрдүүлж, тун удахгүй зах зээлд нэвтрүүлэхээр зэхэж байна. Ингэснээр “Гэрэгэ Киоск” -д шаардлагатай мэдээллээ оруулж, зээлийн төрлөө сонгож, гэрээ байгуулан зээл авах нөхцөл бүрдэж буй. Уг үйлчилгээний өөр нэг онцлог нь шаардлагатай төлбөр, татвараа зээлээр төлөх боломжийг бүрдүүлж буйд оршиж байгаа. Нэг үгээр, хүмүүсийн цаг хугацааг хэмнэж, тэдний хэрэглээг улам бүр хялбарчлах бүтээгдэхүүн болж чадсан. Ер нь “Гэрэгэ Киоск” компани маань эхний ээлжинд дотоодын зах зээлээ тэлэх зорилгоор идэвхтэй ажиллаж байна.

Бид албан тушаал, зэрэг дэв харгалзалгүй шийдвэр гаргахад оролцох эрхийг бүгдэд нээлттэй үлдээдэг. Учир нь бүх талын хэрэгцээ шаардлагыг нэгтгэсний үндсэн дээр бид бүтээгдэхүүнээ хөгжүүлдэг тул хүн нэг бүрийн оролцоог чухалчилдаг. 

Харин бидний алсын хараа технологийн шийдлээр хүмүүсийн амьдралд дэвшил авчирч, нийтийн оролцоотой, сайн засаглалтай, бүс нутагтаа танигдсан компани болоход чиглэдэг. Тиймээс цаашид технологийн экспорт хийх зорилготой. Манай толгой компани болох “Гэрэгэ Системс” -ийн хувьд “Гэрэгэ Смарт ПОС” охин компанийг байгуулж, “Бизнес ПОС” бүтээгдэхүүнээрээ гадаад зах зээлд гарах үйл ажиллагаагаа хэдийнэ эхлүүлсэн. Өөртөө үйлчлэх киоскийн хэрэглээ Азийн орнуудад, тэр дундаа Япон, Солонгос, Тайваньд өндөр байдаг. Конвиниенс дэлгүүрүүдэд хүртэл хүн ажиллах шаардлагагүй болж байна. Тэгэхээр бидэнд тэлэх зах зээл байна гэсэн үг. Гэхдээ бид алсын хараа гэхээс илүү шинэ боломжуудыг эрэлхийлж, тухайн цаг үедээ зохицсон бүтээгдэхүүнийг аль болох хурдан хөгжүүлж, нэвтрүүлж, туршиж, сайжруулж, шаардлагатай тохиолдолд чиглэлээ өөрчлөх зэрэг арга барилаар ажиллахад анхаардаг. 

Мөн нийгмийн хариуцлагын үүднээс “Гэрэгэ киоск” -д хандив цуглуулах сувгийг бий болгоод байна. Энэ хүрээнд бид аливаа хандив, тусламж, санхүүжилтээс хоцордог, эсвэл бага санхүүжилттэй ч нийгмийн сайн сайханд чиглэн ажилладаг байгууллагуудтай хамтрахыг зорьж байна. Үүнтэй холбогдуулан үйлчилгээний шимтгэлийн орлогын тодорхой хувийг шаардлагатай байгууллагуудад хандивлах байдлаар ажиллахаар төлөвлөсөн. Тиймээс энэ чиглэлээр бидэнтэй хамтран ажиллахад хэзээд нээлттэй гэдгийг дуулгамаар байна. 

Эх сурвалж: – Business.MN сэтгүүлийн 2022 оны 11 сарын дугаар (№48) -т нийтлэгдсэн ярилцлага –

By Chinbilegt    |    Dec 14,2022

Бусад мэдээлэл

Цахим шийдэл бүхий шилдэг төсөлд 10.000 ам.доллар хүртэлх тэтгэлэг олгохоор боллоо

“Гэрэгэ Киоск”-ийн үйлчилгээний төлбөрийг “MonPay”-ээр төлдөг боллоо

БИЗНЕС ЭРХЛЭГЧ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН САНХҮҮГИЙН ХҮРТЭЭМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ ТУРШИЛТЫН ТӨСЛИЙГ ЭХЛҮҮЛЛЭЭ